top of page
Writer's picturePositiveThinker

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

Updated: Jun 21, 2021

Г. Мягмарсүрэн


1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

10 жилээ төгсөөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад санхүүч, нягтлан бодогчоор суралцахаар шийдсэн. Мэргэжлийнхээ хувьд хамгийн хурдан өсөж дэвжиж болох боломжийг ACCA олгодог гэж сонссон. Тэгээд эргэлт буцалтгүй ACCA-д суралцахаар шийдсэн. ACCA хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудыг нэлээн судалж байгаад GAPE-ийг сонгосон. 2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал. Энэхүү хөтөлбөрийг сонгон суралцсанаараа олон улсын нягтлан бодогч ACCA цолыг авахаас гадна бакалавр, магистрын зэргийг хурдан хугацаанд авах боломжтой байдгаараа маш давуу талтай. Мөн ACCA-д суралцсанаар эдийн засгийн маш том боловсролыг эзэмшдэг. Энэ нь эргээд миний хувийн амьдралд ч эерэгээр нөлөөлж эхэлсэн.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв? Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад GAPE-д суралцахаар шийдсэн. GAPE-ийг сонгосон гол шалтгаан бол зөвхөн ирээдүйн мэргэжилтэй маань холбоотой гол чухал, үндсэн хичээлүүдийг ордог нь таалагдсан. Хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй олон хичээл заадаггүй. Тэр дундаа англи хэлийг мэргэжлийн багш нар маш чанартай, өндөр түвшинд заадаг нь энэ сургуулийг сонгох бас нэг шалтгаан болсон. Мөн бусад ACCA хөтөлбөртэй сургуулиудаас хамаагүй бага зардлаар суралцах боломжтой. Миний хувьд FIA level -ээ төгсөөд үргэлжлүүлэн Монголдоо GAPE-д суралцахаар шийдсэн. Учир нь гэвэл бага зардалтайгаас гадна мэргэжлийн хичээлүүдийн багш нар нь бусад оронд АССА-г заадаг багш нартай эн зэрэгцэхүйц, мэргэжлийнхээ болоод ёс зүйн хувьд ч өндөр бэлтгэгдсэн хүмүүс байдаг.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт. Анх GAPE-д оюутан болоод ирэхэд найрсаг хамт олон нь хамгийн их таалагдсан. Жишээ нь хичээлийн бус цагаар багш нартайгаа хичээлийн талаар ярилцах, асуух, зөвлөгөө авах бүрэн боломжтой байдаг. Тэгснээр хичээлийн талаар зарим нэг ойлгохгүй, хүндрэл бэрхшээлтэй зүйлс байвал хамтдаа ярилцаж шийдвэрлэдэг. Үүнээс гадна тохилог анги танхим, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн нь яг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, суралцах урам зориг өгдөг.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ? Би 10 жилдээ улсын сургууль төгссөн учраас англи хэлийг гүнзгийрүүлж судлаагүй. Тиймээс бүх хичээлээ англи хэл дээр ордог гэдгийг нь сонсоод бага зэрэг сэтгэлээр унаж, хичээлээ ойлгох болов уу гэж эмээж байсан. Гэхдээ хичээлээ үзээд эхлэхэд нэг их хүндрэлтэй зүйл тохиолдож байгаагүй ээ, тохиолдсон ч тэр дор нь багш нараасаа асуучихдаг байсан. Одоо бол бизнесийн англи хэлний маш өргөн мэдлэгтэй болсон.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу? Хичээлийн үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдвол тэр дор нь багш нараасаа асуугаад ойлгочихдог. Харин шалгалтын үед асуултаа ойлгохгүй байснаасаа болоод буруу хариулт бичээд алдаж байсан удаатай.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ? Хамгийн их таалагдсан, бусад сургуулиудаас ялгарах гол давуу тал нь GAPE-ийн хичээлийн хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр нь суралцагч бид нарт мэргэжлийн хичээл дээрээ төвлөрөх цаг завыг илүү гаргаж өгдөг. Энэ нь цаашлаад шалгалтаа амжилттай өгөх гол түлхүүр болдог. Үндсэн хичээлийн хувьд багш нарынхаа заавар зөвлөгөөг дагаад, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийгээд явбал хүндрэлтэй зүйл гардаггүй. Үүнээс гадна амьд хөгжмийн сургалтыг GAPE маань “НАР САР” студитэй хамтарч явуулдаг байгаа. Түүнчлэн “Эх хэл өв соёл”-ын хичээл миний хамгийн дуртай хичээл. Амьдралын мөн чанар хийгээд эх хэлээ хайрлах, эх хэлээрээ зөв сайхан бичиж сурах нь ямар ч “professional education”-ээс чухал юм.

8. Шалгалтын талаар ярина уу? Хичээлээ үзэж дуусаад шууд шалгалтад ордоггүй “mock exam” өгдөг. Энэ нь яг жинхэнэ шалгалт биш, жинхэнэ шалгалттай төстэй өөрийгөө бэлтгэх жишиг шалгалт юм. Бүх үзсэн хичээлүүдээ базаад хэр ойлголт авсныг шалгачихдаг учраас миний хувьд энэ үе хамгийн чухал байдаг. Үүний өмнө бүх хийх ёстой дасгалуудаа ажиллаад хичээлээ бүрэн ойлгосон байх шаардлагатай. Би бусад хүмүүсийг бодвол шалгалтын үеэр илүү сандардаг төрлийн хүн. Сандрал гэдэг бол хичээлээ мэдэхгүй байхаас ч илүү хэцүү зүйл. Тиймээс шалгалтынхаа өмнө бага зэргийн шоколад идэх, тайван хөгжим сонсох эсвэл урам өгөх илтгэл сонсдог. Энэ нь эргээд хэвийн тайван байдалд орж зөвхөн шалгалтдаа төвлөрөхөд тусалдаг. Гэхдээ мэдээж шалгалтандаа бүрэн чанартай бэлдсэн байх нь хамгийн чухал.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ? FIA level-ээ төгсчхөөд нягтлан бодогчоор ажиллаж үзэхийг хүссэн. Тэгээд яг энэ чиглэлээрээ нэг компанид орж ажилласан. Шинэ хамт олон дунд ороод, хэн нэгний өмнө үүрэг хүлээгээд ажиллах тэр үе хамгийн гоё. ACCA-ийн хамгийн гол давуу тал нь бизнесийн бүх салбарт ажиллах боломж, мэдлэгээр хангаж өгдөг. Өнөөдөр би нягтлан хийж байсан бол маргааш хөрөнгө оруулалтын чиглэл рүү эсвэл бүр аудитороор ч ажиллаж болно. Миний хувьд ирээдүйд аудитын чиглэл рүү орно гэсэн бодолтой байгаа.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл Дэлхийн боловсролыг эзэмших нөхцөл бололцоогоор хангаж өгсөн GAPE-ийнхээ хамт олон багш нартаа маш их баярладаг. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлэх боломжгүй гэж бодож байна.

32 views0 comments

Comments


bottom of page